Буддагийн ариун Дхаммаг бясалгалаар дадуулах нь

Ертөнцийн зүй тогтол, юмс үзэгдлийн гол мөн чанар болох anicca (цаашид анича гэх) буюу “Мөнх бус” нь аливаа хүн хамгийн түрүүнд биеэр мэдэрч, туршин үзэж, дадлага туршлагаар ойлгож авах ёстой бодит үнэн юм. Буддизмын талаар ном унших, эсвэл Буддагийн номыг зөвхөн онолын мэдлэгээр ойлгож судлах төдийгөөр жинхэнэ анича-г танин мэдэж чадахгүй. Учир нь энэ тохиолдолд хамгийн чухал зүйл болох биеэрээ шууд мэдэрч, бодит туршлагаар танин мэдэх тал нь орхигддог.

Аливаа хүн өөрийн дотор, өөрийнхөө бие сэтгэлд тасралтгүй үргэлжлэх, өөрчлөгдөн хувьсаж буй үйл явц болох анича-г биеэрээ мэдэрч, түүний мөн чанарыг бодит туршлагаар ойлгосноор л Буддагийн заасан тэр л утгаар анича буюу “мөнх бус”-ыг жинхэнэ ёсоор нь ойлгож чадна. Ийм бодит туршлагаар, өөрийн дотоодод үүсэн устах,хувьсан өөрчлөгдөх үйл явцыг тулан ажиглаж мэдэх аргаар, анича буюу мөнх бусын үнэнийг Буддагийн цаг үеийнх шиг Буддизмын талаар ямар ч номын мэдлэггүй хүн ч ойлгож хөгжүүлж чадна.

Өнөөдөр дэлхий ертөнц хүн төрөлхтнийг заналхийлсэн олон ноцтой асуудалтай тулгараад байгаа энэ үед хүн бүр Випашяна бясалгалд шамдаж, өрнөж буй бүхий л үймээн самуун, үйл явцын тэг дунд нь ч “амар амгалангийн гүн эх ундрагыг өөрийн дотоодоос олох” тэр аргыг сурах цаг нь иржээ.

(Зураг:Випашяна бясалгалын орчныг дүрслэв)

Анича буюу мөнх бус нь хүн бүрийн дотор оршдог, хүн бүр хүрч мэдэрч болох бодит үнэн юм. Анича-г мэдэрч, анича-г туршлагаар таниж, мөнх бус чанарын ухамсарт бүрэн уусан шингэ! Тэгж чадвал гадаад үзэл бодол, хийсвэр төсөөллийн ертөнцөөс тасран холдох боломж бүрдэнэ.

Мөнх бусын үнэнийг мэдэрч ойлгож чадсанаар мөнх бус-анича нь чиний амьдралын үнэт эрдэнэ болж, хувиа хичээх үзэл багасч зөвхөн өөрийнхөө сайн сайхан байдал төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө амар амгалан, тэнцвэртэй сэтгэлийн эрч хүчний их санг бүрдүүлэх болно.

Анича-Мөнх бусын ойлголт зохих ёсоор гүнзгийрээд хөгжөөд ирэхээр, хүний бие болон сэтгэлийн өвчний язгуур шалтгаан, голомтод хүрч чиний дотор буй муу муухай бүхнийг—бие, сэтгэлийн зовлонгийн эх сурвалжийг—аажмаар арилгана.

Анича-Мөнх бусын ухамсарыг идэвхжүүлэх тусгай арга техник гэж байхгүй. Гагцхүү оюун ухааныг төгс тэнцвэртэй буюу сэтгэлийг тэгш амгалан, анхааралтай байлгаж, бясалгалын орон руу чиглүүлэн төвлөрүүлэх хэрэгтэй. Випашяна бясалгалд бясалгалын объект нь өөрөө анича буюу мөнх бус чанар юм.

Тиймээс хэрэв та анхаарлаа бясалгалын орон болох “мөнх бус”-ын илрэл биеийн мэдрэмж рүү хандуулаад сурчихвал мөнх бус чанарыг шууд мэдэрч чадна. Эхлээд анхаарал төвлөрүүлэхэд хамгийн хялбар хэсэг болох биеийн гадна хэсэгт, цаашлаад биеийн дотоодод анича-г туршиж болно. Өөрийн анхаарлыг толгойноос хөл хүртэл, нэг газраас нөгөөд шилжүүл! Зарим үед биеийн дотоод руу нэвтэрч ажигла!

Энэ үед биеийн бүтэц анатомид огт анхаарал хандуулах шаардлагагүй! Анхаарлаа бодисын солилцооны маш нарийн бүтцүүд болох калапа-д, мөн тэдгээрийн тасралтгүй өөрчлөгдөх мөн чанарт чиглүүлнэ.