Урьдын Бурхадын тухай Буддагийн айлдвар

Нэгэн цагт Бурхан багш Саватти хотын ойролцоох Жетийн төгөлд, Анатхапиндикагийн өргөсөн хийдэд, карери модны дэргэдэх сууцанд саатаж байжээ. Тэрээр бадарчлан яваад иртэл хэсэг хуврагууд карери модны дэргэдэх асарт цуглан “Тэр үед тийм байсан… урьд төрөлдөө ийм байсан…” гэцгээн өмнөх амьдралын тухай ярилцаж буй нь Бурханы сонорт хүрчээ. Бурхан багш тэдний яриаг сонсоод суудлаасаа босож, асарт очин, хуврагуудын бэлдсэн суудал дээр залран ийн айлдав: Хуврагуудаа, та нар сая юу ярьж байсан бэ? Юуны тухай яриагаа дуусгалгүй үлдээв? хэмээхүйд:

Тэдгээр хуврагууд Бурхан багшид “бид ийм зүйл ярьсан билээ. Бидний яриа ингэж дуусаагүй үлдсэн юм” хэмээн болсон явдлыг нэг бүрчлэн айлтгав.

Бурхан багш: Та нар урьд төрөл, өмнөх амьдралын тухай номын айлдвар сонсохыг хүсэж байна уу?

Хуврагууд: Одоо сонсох цаг нь мөн, Бурхан минь! Одоо яг цаг нь мөн, Ариун нэгэн минь! Урьд төрөл, өмнөх амьдралын тухай ном айлдаж өгөөч. Бид сонсоод тогтоон саная.

Бурхан багш: Тэгвэл хуврагуудаа, сайн сонсож, сайтар анхаарахтун! Би сайтар айлдъя.

“Тийм ээ, эрхэм дээдэс минь” гэж тэд хариулав.

Бурхан багш өнгөрсөн цагт заларсан Будда нарын тухай ийн айлдав:

Хуврагууд аа, ерэн нэгэн их галавын өмнө

Випаши нэрт Бурхан багш энэ ертөнцөд мэндэлсэн юм.

Тэр бол Төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэр язгууртны удмаас төрсөн, Кондания овогтой, наян мянган жил насалсан.

Тэрбээр патала модны дор гэгээрсэн.

Түүний тэргүүн шавь нар нь Ханда ба Тисса хоёр байв.

Түүнд гурван их шавийн чуулган байсан:

эхний чуулган нь гэгээрсэн 6,800,000 хувраг чуулсан

дундах чуулган нь гэгээрсэн 100,000 хувраг чуулсан

сүүлийн чуулган нь гэгээрсэн 80,000 хувраг бүхий байв.

Эд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн байлаа.

Түүний ойрын асрагч шавь нь Асока нэрт хувраг байв.

Эцэг нь Бандхума хаан, эх нь Бандхумати хатан, нийслэл хот нь Бандхумати байв.

Хуврагууд аа, гучин нэгэн их галавын өмнө Сикхи нэрт Бурхан багш энэ ертөнцөд мэндэлсэн юм.

Тэр бол Төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэр язгууртны удмаас төрсөн,

Кондания овогтой, далан мянган жил насалсан.

Тэр цагаан манго модны ёроолд гэгээрсэн.

Түүний гол шавь нь Абхибху ба Самбхава хоёр байв.

Түүнд гурван их шавийн чуулган байсан:

эхний чуулган нь гэгээрсэн зуун мянган хувраг чуулсан

дундах чуулган нь гэгээрсэн наян мянган хувраг чуулсан

сүүлийн чуулган нь гэгээрсэн далан мянган хувраг бүхий байв.

Эд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн байлаа..

Түүний ойрын асрагч шавь нь Кхеманкара байв.

Эцэг нь Аруна хаан, эх нь Пабхавати хатан, нийслэл хот нь Арунавати байв.

Хуврагууд аа, тэр гучин нэгэн их галавын дотор мөн Бурхан Вессабу хорвоод мэндэлсэн юм. Тэр бол Төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэр язгууртны удмаас төрсөн, Кондния овогтой, жаран мянган жил насалсан билээ.

Тэрээр сала модны ёроолд гэгээрсэн.

Түүний гол шавь нь Сона ба Уттара хоёр байв.

Түүнд гурван их шавийн чуулган байсан:

эхний чуулган нь гэгээрсэн наян мянган хувраг чуулсан

дундах чуулган нь гэгээрсэн далан мянган хувраг чуулсан

сүүлийн чуулган нь гэгээрсэн жаран мянган хувраг бүхий байв.

Эд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн байлаа.

Түүний ойрын асрагч шавь нь Упасанта байв.

Эцэг нь Суппатита хаан, эх нь Вассавати хатан, нийслэл хот нь Анома байв.”

Хуврагууд аа, харин одоогийн энэ “Сайн галав”-т

(энэ галавт 4 Бурхан заларсан тул “сайн галав” хэмээдэг)

Какусандха нэрт Бурхан багш мэндэлсэн юм. Тэр бол Төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэрээр брахман удмаас төрсөн, Кассапа овогтой, дөчин мянган жил насалсан.

Тэр леббек модны ёроолд гэгээрсэн.

Түүний тэргүүн шавь нар нь Видхура ба Санживa хоёр байв.

Түүнд нэг их шавийн чуулган байсан бөгөөд 40,000 хувраг тэд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн байлаа.

Түүний ойрын асрагч шавь нь Буддхижa байв.

Эцэг нь Аггидатта брахман, эх нь Висакха хатан, нийслэл хот нь Кхемавати байв.

Хуврагууд аа, мөн энэ сайн галавт

Конагамана нэрт Бурхан багш мэндэлсэн юм. Тэр бол Төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэрээр брахман удмаас төрсөн, Кассапа овогтой, гучин мянган жил насалсан.

Тэрбээр саглагар инжир модны ёроолд гэгээрсэн билээ.

Түүний тэргүүн шавь нар нь Пиёоса ба Уттара хоёр байв.

Түүнд нэг их шавийн чуулган байсан бөгөөд 30,000 хувраг тэд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн байлаа.

Түүний ойрын асрагч шавь нь Соттхижa байв.

Эцэг нь Яннядатта брахман, эх нь Уттара хатан, нийслэл хот нь Собхавати байв.

Хуврагууд аа, мөн энэ сайн галавт Кассапа нэрт Бурхан багш мэндэлсэн юм. Тэр бол Төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэр брахман удмаас төрсөн, Кассапа овогтой, хорин мянган жил насалсан.

Тэрбээр баньян модны ёроолд гэгээрсэн.

Түүний гол шавь нь Тисса ба Бхарадвaжа хоёр байв.

Түүнд нэг их шавийн чуулган байсан:

20,000 хувраг тэд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн байлаа.

Түүний ойрын асрагч шавь нь Саббамитта байв.

Эцэг нь Брахмадатта брахман, эх нь Дханавати хатан, нийслэл хот нь Варанаси байв.

Хуврагууд аа, мөн энэ сайн галавт Би ертөнцнөө мэндэлсэн юм.

Би бээр язгууртны удмаас төрсөн, Гоутам овогт билээ.

Харин энэ цаг үед хүний нас богино, охорхон түр зуурынх.

Энэ цагийн хүний насны хэмжээ 100 жил билээ.

Би Бодь модны ёроолд гэгээрсэн.

Миний тэргүүн шавь нар Шарипутта ба Моггаллана нэрт билээ.

Би бээр нэг их шавийн чуулган бүхий-1,250 хувраг тэд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн билээ.

Миний ойрын асрагч шавь Ананда нэрт.

Энэ төрлийн минь эцэг Хаан Шүдодхан, эх минь хатан Маяа нийслэл хот бол Капилавасту билээ.

Ийнхүү айлдаад Бурхан багш суудлаасаа босож өөрийн сууцандаа орж оджээ.

Бурхан багш ийн одсоны дараа хуврагууд хоорондоо:

Ёстой гайхамшигтай! Төгс гэгээрсэн нэгэн ийм их ид шид, хүч чадалтай юм! Өнгөрсөн Будда нарын төрөл, нэр, овог, нас, тэргүүн шавь, шавийн чуулган гээд бүгдийг санан мэдэж байна! Бурхан багш энэ бүгдийг мэдэж буй нь юуных вэ? Сургаалийн язгуур-Ертөнцийн хууль (dhammadhātu)-г бүрэн нэвт ойлгож танисан болохоор уу? Эсвэл тэнгэрүүд хэлж өгсөн үү?” хэмээн ярилцаж маргалдсаар үлджээ.

Орой нь Бурхан багш бясалгалынхаа суудлаас өндийн хуврагуудын асарт ирээд:

Хуврагуудаа, та нар сая юу ярьж байсан бэ? Ямар яриа дуусаагүй үлдэв?гэж асуув.

Тэдгээр хуврагууд Бурхан багшид “Бид энэ тухай хэлэлцэж, бидний яриа ингэж дуусаагүй үлдсэн юм” хэмээн болсон явдлыг нэг бүрчлэн айлтгав.

Тэгэхэд Бурхан багш айлдав:

— “Би бээр энэ бүхнийг Сургаалийн зарчим-Ертөнцийн хуулийг (dhammadhātu) нэвт ойлгосон учраас санан мэддэг билээ. Мөн тэнгэрүүд ч хэлж өгсөн нь буй билээ хэмээгээд:

Хуврагуудаа нар урьд төрлийн тухай үргэлжлүүлэн сонсмоор байна уу?

Хуврагууд:

Одоо сонсох цаг нь мөн байна, эрхэм дээдэс минь! Одоо цаг нь мөн байна, Ариун нэгэн минь! Урьд төрлийн тухай Бурхан багш ном айлдтугай. Хуврагууд сонсоод, тогтоон санах болно” гэв.

Бурхан багш: Тэгвэл, хуврагуудаа, сайн сонсож, сайтар анхаарахтун! Би сайтар айлдъя.

Хуврагууд аа, нэгэн удаа би Уккаттха хотын ойролцоо, Субхага хэмээх ойд, нэгэн сүрлэг сала модны ёроолд сууж байлаа. Тэр үед надад ийн бодол төрөв:

Энэ урт хугацаанд би өмнө нь төрж байгаагүй оршихуйн аймаг бараг үлдээгүй аж. Гагцхүү Suddhāvāsā л байна. Тэнд зөвхөн буцаж ирэхгүй-

(буцан үл ирэгч-хүслийн ертөнцөд дахин төрөхгүй-Анагами)

гэгээнтнүүд төрж, тэндээсээ төгс гэгээрэлд хүрдэг. Тэднийг очиж эргэе.

Тэгээд л хүчтэй хүн гараа сунгаж татахтай адилхан, би Субхага ойгоос тасран одож, Авиха хэмээх тэнгэрүүдийн аймагт очив.

Тэнд олон мянган, олон зуун мянган тэнгэрүүд над дээр ирж, мөргөөд, нэг талд зогсоод ийн айлдав:

Эрхэм дээдэс минь, Ерэн нэгэн их галавын өмнө Випаши нэрт Бурхан багш энэ ертөнцөд мэндэлсэн юм. Тэр бол төгс гэгээрсэн, бүрэн сэрсэн Будда байлаа.

Тэр язгууртны удмаас төрсөн, Кондaния овогтой, наян мянган жил насалсан.

Тэрбээр Патала модны ёроолд гэгээрсэн.

Гол шавь нь Ханда ба Тисса хоёр.

6,800,000, 100,000, 80,000 гэсэн гурван их хуврагийн чуулгатанй.

Ойрын туслах шавь нь Асока.

Эцэг нь Бандхума хаан, эх нь Бандхумати хатан, нийслэл нь Бандхумати байв.

Тэр ийн орхиж, ийн хичээж, ийн гэгээрч, ийн номын хүрдийг эргүүлсэн юм.

Түүний сургааль дор бид бясалгаж, тачаалаас ангижирч, энд дахин төрсөн билээ.”

Дараа нь өөр бусад тэнгэрүүд ч ирж, Сикхи, Вессабу, Какусанда, Конагамана, Кассапа Будда нарын тухай мөн адил дэлгэрэнгүй айлдсан юм.

Дараа нь Авиха тэнгэрүүдийн аймагт олон мянган тэнгэрүүд над дээр дахин ирж ийн айлдав:

Эрхэм дээдэс минь, энэ сайн галавт Та өөрөө энэ ертөнцөд мэндэлсэн билээ.

Та язгууртны удамд төрсөн, Гоутам овогтой.

Таны заларсан энэ цагийн хүмүүний нас охорхон зуу орчим жил.

Та Бодь модны ёроолд гэгээрсэн.

Таны тэргүүн шавь нар Шарипутта ба Могулана.

Таны нэг их хуврагийн чуулган бүхий 1,250 хувраг тэд бүгд дайснаа дарсан, гэгээрсэн нэгэн билээ.

Ойрын туслах шавь тань Ананда.

Эцэг тань Шүдодхан хаан, эх тань Маяа хатан, нийслэл тань Капилавасту.

Та ийн орхиж, ийн хичээж, ийн гэгээрч, ийн номын хүрдийг эргүүлсэн.

Таны сургаал дор бид бясалгаж, тачаалаас ангижирч, энд дахин төрсөн билээ.”

Ийнхүү би Авиха тэнгэрүүдийн аймагт очсоныхоо дараа, тэдэнтэй хамт Аттаппа, Судасса, Суддхасса, эцэст нь Аканиттха тэнгэрүүдийн аймагт очиж, мөн ижил айлдваруудыг сонссон юм.

Тиймээс хуврагууд аа:

Төгс гэгээрсэн нэгэн бээр өнгөрсөн Будда нарын төрөл, нэр, овог, нас, тэргүүн шавь, шавийн чуулган зэргийг санан мэддэг нь “сургаалын язгуур-ертөнцийн зарчим-(dhammadhātu)-г” бүрэн нэвт ойлгосонтой ч, мөн тэнгэрүүдийн айлдсантай ч холбоотой юм.”

Төгсгөлийг хураахуй

Бурхан багш тийнхүү айлдсан хийгээд хуврагууд ч сэтгэл хангалуун болж, Бурхан багшийн айлдварыг даган баясав.