Саяажи У Ба Кин
Аничагийн тухай ойлголтоо дараах мэдрэхүйгээр дамжуулан хөгжүүлж болно.
- Нүдний мэдрэхүйн эрхтэнтэй-дүрс шүргэлцэхэд
- Чихний мэдрэхүйн эрхтэнтэй-дуу авиa шүргэлцэхэд
- Хамрын мэдрэхүйн эрхтэнтэй-үнэр шүргэлцэхэд
- Хэлний мэдрэхүйн эрхтэнтэй-амт шүргэлцэхэд
- Биеийн мэдрэхүйн эрхтэнтэй-хүрэлцэхүй шүргэлцэхэд
- Оюун ухааны мэдрэхүйн эрхтэнтэй-бодол шүргэлцэхэд
Үнэндээ мэдрэхүйн зургаан эрхтний аль алинаар нь аничаг ойлгож, хөгжүүлэх боломжтой. Гэвч эдгээр бүх төрлийн мэдрэмжүүд дундаас биеийн хүрэлцэхүй мэдрэмж нь дотоод ажиглалтын бясалгалд хамгийн өргөн хүрээг хамардаг төдийгүй биеийн хэсгүүд доторх калапануудын долгилох, цацрах, чичирхийлэх зэргээр илрэх мэдрэмж нь бусад төрлийн мэдрэмжүүдээс илүү бодитой, тодорхой байдаг. Иймээс Випашяна бясалгалыг анхлан суралцагчдад аничаг ойлгоход биеийн мэдрэмжийг ажиглах бясалгал нь илүү хялбар байдаг.
Ийм учраас бид аничаг хурдан ойлгох арга зам болгож биеийн мэдрэмжийг сонгосон юм. Хүн бүр бусад аргыг туршин үзэх бүрэн боломжтой хэдий ч, өөр төрлийн мэдрэмжүүдээр оролдохоосоо өмнө, биеийн мэдрэмжийг ажиглан бясалгах замаар аничагийн тухай ойлголтоо бэхжүүлэхэд шамдан суралцах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм.
Випашяна-гийн ойлголтын арван шат буюу билгүүний түвшин
Випашяна бясалгалаар олж авдаг мэдлэг, ухаарлын арван шат байдаг. Үүнд:
- Саммасана – Ойроос тулж ажиглан, задлан шинжлэх замаар аничча, дуккха, анатта-г онолын түвшинд үнэлж ойлгох мэдлэгийн шат.
- Удаяббая – Бие ба сэтгэлийн үүсэн устахыг танин мэдэх ухаарлын шат (рүпа-бие нама-сэтгэл)
- Бханга – Бие болон сэтгэл маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгааг мэдрэх-бүрэн задралын шат.
- Бхая – Энэ оршихуй өөрөө аймшигтай болохыг мэдэх шат.
- Адинaва – энэ оршихуй муу муухай, аюул ослоор дүүрэн болохыг танин мэдэх шат.
- Ниббида – Энэ оршихуйг жигшин зэвүүцэх ухаарлын шат.
- Муччиту-камьята – Энэ оршихуйгаас зайлшгүй гэтлэх, ангижрах шаардлагатайг ухамсарлах шат.
- Патисанкха – Аничча-Мөнх бусыг суурь болгон, бүрэн ухамсартайгаар зовлонгоос гэтлэхийн төлөө тууштай ажиллах цаг ирснийг танин мэдэх ухаарлын шат.
- Санкхарупекха – Санкхарагаас салж, би-д төвлөрсөн аминч үзлээс нэгэнт ангижирч буйгаа танин мэдэх ухаарлын шат.
- Анулома – Зорилгодоо хүрэх эрмэлзлэлийг эрчимжүүлэх шат
Эдгээр нь Випашяна бясалгалын явцад олж авдаг Билгүүний түвшнүүд юм. Зорилгодоо богино хугацаанд хүрсэн хүмүүсийн хувьд эдгээр нь дараа нь эргэн харахад тодорхой болдог.
Анича-Мөнх бусын ойлголт гүнзгийрэхийн хэрээр хүн эдгээр шатуудаар дамждаг. Гэвч тодорхой шатуудад туршлага бүхий чадварлаг багшийн заавар, туслалцаа зайлшгүй шаардлагатай болох нь бий. Билгүүний эдгээр шатуудад хүрэх гэж хэт анхаарч, хүсэн тэмүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь ингэж яарсанаар аничаг тасралтгүй дадуулах, мөнх бусын билгүүнийг тань сарниулж, бясалгалын ахицад саад болдог. Харин анича-мөнх бусыг ухаарсан ухамсар л жинхэнэ үр дүнг өгдөг.
Випашяна бясалгал энгийн амьдралд

Одоо би Випашяна бясалгалыг гэр бүлтэй, өдөр тутмын амьдралтай хүн ч хийж болох, бясалгалаас олдох ашиг тусыг яг энэ насандаа, яг одоо хэрхэн хүртэж болохыг өгүүлье.
Випашяна бясалгалын анхдагч зорилго нь өөрийн дотор орших анича-мөнх бусыг биеэр мэдэрч сурах явдал юм. Өөрөөр хэлбэл, бие болон сэтгэлд тасралтгүй явагдаж буй хувиралт өөрчлөлтийг шууд ажиглан мэдэрч сурсанаар өөрийн дотоод мөн чанараа мөнх бус гэдгийг ойлгоно. Ийм ойлголт тогтвортой болохын хэрээр, хүний дотоод сэтгэл аажмаар тайвширч, улмаар гадаад нөхцөл байдалд ч тэнцвэртэй, тайван хандах чадвар төлөвшдөг.
Өнөөдөр дэлхий ертөнц хүн төрөлхтнийг заналхийлсэн олон ноцтой асуудалтай тулгараад байгаа энэ үед хүн бүр Випашяна бясалгалд шамдаж, өрнөж буй бүхий л үймээн самуун, үйл явцын тэг дунд нь ч “амар амгалангийн гүн эх ундрагыг өөрийн дотоодоос олох” тэр аргыг сурах цаг нь иржээ.
Анича буюу мөнх бус нь хүн бүрийн дотор оршдог, хүн бүр хүрч мэдэрч болох бодит үнэн юм. Анича энэхэн бие сэтгэлийн хүрээнд байдаг. Өөрийн дотоод руу гаа өнгийн харж—тэнд буй бодит үнэн болох аничаг мэдэрч, аничаг дадуулж, аничад “уусан шингэж” чадвал, гадаад үзэл бодол хийсвэр төсөөллийн ертөнцөөс хүссэн үедээ тасран холдох боломж бүрдэнэ. Анича-мөнх бусын үнэнийг мэдэрч ойлгосоноор анича нь чиний амьдралын үнэт эрдэнэ болж хувиа хичээх үзэл багасч зөвхөн өөрийн сайн сайхны төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө тайван, тэнцвэртэй сэтгэлийн эрч хүчний их санг бүрдүүлэх болно.
Анича-мөнх бусын ойлголт зохих ёсоор гүнзгийрээд хөгжөөд ирэхээр бие махбодын болон сэтгэлийн өвчний язгуур үндэс, голмтод хүрч тэдгээрийн шалтгаан болсон муу бүхнийг аажмаар арилгадаг.
Буддагийн үед Кошала улсын хаан Парасанжитийн нийслэл Саваттхи хот нь хүн ам олонтой, Випашяна бясалгал өргөн дэлгэрсэн төв байжээ.
Түүхэн судрын өгүүлэмжүүдэд Саваттхи хотын иргэдийн талаас илүү нь гэгээрлийн анхны шат Шротапаннагийн урсгалд орж, Ари буюу хутагт нэгэн болсон бөгөөд үүний ихэнх нь лам хувраг бус гэр бүлтэй энгийн иргэд байсан гэдэг.
Анича-Мөнх бусын ойлголт нь зөвхөн “ертөнц”-ийг орхисон лам хуврагуудад зориулагдсан зүйл биш. Гэр бүлтэй хүнд ч мөн адил зориулагдсан. Өнөө цагт эгэл гэр бүлийн амьдрал цаг зав бага стресс тайван бус байдал их байгаа ч бясалгалын чадварлаг багш, зөвлөх нь суралцагч-шавиа харьцангуй богино хугацаанд аничаг ойлгоход тусалж чадна.
Leave a comment