Бурханы ном Дхаммаг бясалгалаар дадуулахуй-4

Саяажи У Ба Кин

Бханга шат ба эгэл жирийн амьдрал дахь Випашяна

Бясалгал хийж буй хүний хувьд Бханга хэмээх гурав дахь шат онцгой ач холбогдолтой.

Бханга шатанд хүрсэн бясалгагч нь бие сэтгэлд явагдаж буй хувиралт өөрчлөлтийг: “Бие махбод нь нэгэн бүхэл зүйл бус, харин хурдтай урсаж буй энергийн тасралтгүй урсгал гэдгийг мэдэрч эхэлдэг. Энэ түвшинд аничаг мэдрэх нь илүү хялбар болж өөрийн бие сэтгэлд явагдаж буй мөнх бусын илрэл болох мэдрэмжийг ажиглах,мэдрэх үйл явц дадал хэвшил болж тогтдог.

Аливаа хүн Бханга шатанд хүрч чадвал, анича нь түүний хувьд гадаад ертөнцөөс анхаарлаа татан буцаах дотоод суурь болж хувирна. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын ажил амьдралын олон өрнөл, үйл явцын дараа тухайн хүн анхаарлаа дахин дотогш чиглүүлж, анича-д амархан төвөггүйгээр эргэн төвлөрөх чадвартай болдог.

Гэвч Бханга шатанд хараахан хүрээгүй хүний хувьд дотоод анича болон гадаад амьдралын үйл ажиллагааныхаа дунд гацаж-зөрчилдөж эхэлдэг. Ийм үед “анича-даа төвлөрөх үү? ажил амьдарлын үйл явцдаа анхаарах уу?” гэсэн дотоод гадаад хоёр туйлын дунд будилах магадлалтай. Тиймээс ийм бясалгагчын хувьд:

Ажиллах үедээ ажилдаа,

Амрах үедээ амралтдаа л.. .

гэх зарчмыг дагах нь зохистой.

Өөрөөр хэлбэл, анича-мөнх бусын мэдрэмжээ өдөржин албадан хүчлэх хэрэггүй. Харин өдөрт цагийн хуваарийн дагуу өглөө оройд тогтмол бясалгахад л болно. Харин бясалгалын хугацаанд анхаарлыг агшин бүрт өөрийн дотоод руу чиглүүлж, аничагаас өөр бодол, хийсвэр төсөөлөл, анхаарал сарниулах зүйлсийг аль болох оруулахгүй байх нь чухал. Учир нь ийм бодлууд бясалгалын ахиц дэвшилд саад болдог.

Хэрэв анхаарал тогтож өгөхгүй байвал, суралцагч амьсгалаа ажиглах(анапана) бясалгалдаа буцаж төвлөрөх хэрэгтэй. Учир нь гүн төвлөрөл-самади бол аничагийн түлхүүр юм. Самади сайн хөгжихийн тулд сила (сила-сахил) бат бөх, цэвэр ариун байх ёстой. Сила цэвэр сайн байх аваас Самади төвлөрөл сайн хөгждөг. Самади төвлөрөл сайн болсон цагт мөнх бусын мэдрэмж сайжрах болно. Учир нь сила нь самадигийн үндэс, самади нь панья-билгүүний суурь юм.


Мөнх бусын ухамсарыг идэвхжүүлэх

Анича-Мөнх бусын ухамсарыг идэвхжүүлэх тусгай, нууц арга техник гэж байхгүй. Гагцхүү оюун ухааныг төгс тэнцвэртэй буюу сэтгэлийг тэгш амгалан анхааралтай байлгаж бясалгалын орон руу чиглүүлж, төвлөрүүлэх хэрэгтэй. Випашяна-д бясалгалын орон нь анича буюу мөнх бус чанар өөрөө юм.

Биеийн мэдрэмжид анхаарлаа хандуулж сурсан хүмүүсийн хувьд анича-мөнх бусыг шууд мэдрэх боломжтой. Эхлээд анхаарал амархан тогтдог биеийн хэсгийг сонгож, жишээ нь: толгой, гар, хөл зэргээс эхэлж, дараа нь толгойноос хөл хүртэл, хөлнөөс толгой хүртэл бүхий л биеийг шилжүүлэн ажиглаж болно.
Зарим үед анхаарлыг биеийн дотор гүн рүү чиглүүлж ч болно.
Энэ үед биеийн анатоми бүтцэд анхаарах шаардлагагүй. Харин материйн бүрэлдэхүй (калапа) болон тэдгээрийн тасралтгүй өөрчлөгдөх мөн чанар-ыг л мэдрэх нь чухал. Ийм байдлаар хичээн бясалгавал зайлшгүй ахиц дэвшил гарна.
Гэвч энэхүү ахиц дэвшлийн хурд нь тухайн хүний буян-парами болон бясалгал бүтээлдээ хандах чин сэтгэл, зөв шамдал зүтгэлээс ихээхэн хамаарна.


Орчин үеийн хүн ба Випашяна

Өнөөдөр бол шинжлэх ухааны эрин үе.
Орчин үеийн хүн онол суртахуун, хоосон таамаг, хийсвэр амлалтад итгэхгүй.
Тэд бодит, тодорхой, өөрөө мэдэрч болох, үр дүн нь шууд мэдрэгдэх зүйлийг л хүлээн зөвшөөрдөг.

Будда сэрүүн тунгалаг ахуйдаа Калама балгадын иргэдэд хандан айлдсан айлдвартаа: Калама балгадын иргэд ээ!

“Аливаа уламжлал, дам үг, цуу ярианд сохроор итгэж бүү хууртагтун.
Судар номонд бичсэн, учир шалтгаантай санагдсан, онол суртахуун нь тийм, алдар нэртэй хүн гэж итгэх хэрэггүй.
Харин та нар өөрсдөө мэдэрч, бодитоор туршиж үзээд, эдгээр зүйл нь хор уршигтай, буруу хийгээд зовлонд хүргэж байвал тэднийг орхи.

Түүнчлэн өөрсдөө мэдэж, бодитоор туршиж үзээд, эдгээр зүйл нь сайн сайхан, гэм буруугүй, ашиг тустай хийгээд амар амгаланд хүргэж байвал тэдгээрийг хийж хэрэгжүүлж, даган мөрдөж амьдрагтун.”

хэмээжээ.

Энэүү айлдвар нь Випашяна бясалгалын мөн чанарыг төгс илэрхийлдэг. Випашяна бол сүсэг бишрэл, итгэл үнэмшилээр бус, шууд тулан мэдэрч бодит туршлагаар туулж шалгагддаг зам юм.


Випашяна бол сүсэг бишрэл итгэл эсвэл уламжлалын асуудал биш.
Випашяна бол аливаа хүн өөрийн туршлагаар танин мэдэж болох бодит зүйл мөн.
Үнэнч сэтгэлээр, чадварлаг багшийн удирдлага дор чин сэтгэлээсээ сургалтад хамрагдсан хэнд ч боловч үр дүн заавал гарна гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.
Миний хэлэх гэсэн үр дүн гэдэг нь, эерэг сайн, үнэн бодит, илэрхий, амьдралд шууд мэдрэгдэх үр дүн юм.
Энэхүү үр дүн нь, хүн үлдсэн амьдралынхаа туршид аливаад тайван, тэгш амгалан, тэнцвэртэй сэтгэлээр хандахад сургаж, жинхэнэ аз жаргал, бодит үнэн, сайн сайхан руу хөтлөн дагуулах болно.

ХАМАГ АМЬТАН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ, ДАЯН ДЭЛХИЙ ЭНХ АМГАЛАН ОРШИГ.

Өмнөх