ВЭБҮ САЯАДАВЫН АЙЛДВАР I
Та бүхэн сила-ёс суртахууныг баримталж эхэлжээ. Одоо та нар ёс суртахууныг төгөлдөржүүлэхээр зорьсон бол түүнийг эцсийг нь хүртэл бүрэн биелүүлэгтүн.
Зөвхөн силаг төгс төгөлдөр болгосон цагт л та нарын бүх хүсэл эрмэлзэл биелнэ. Та нар одоо ч, ирээдүйд ч жаргалтай байх болно.
- (sila-сила/сахил-ёс суртахуун)
- (sila-parami-сила паарами буюу ёс суртахууныг төгс төгөлдөр болгох)
Жинхэнэ жаргалыг зөвхөн Буддагийн сургааль л өгч чадна — одоогийн энэ амьдралд ч, мөн самсара-гийн үлдсэн хугацаанд ч адил.
Буддагийн сургааль Гурван аймаг-Типитака-д хадгалагдан үлдсэн байдаг. Типитака асар өргөн агуулгатай. Харин бид Типитакагийн мөн чанарыг нь шүүн гаргавал Гэгээрлийн гучин долоон хүчин зүйл-бодипаккиядхамма (bodhipakkhiyadhamma)-ийг олж харна.
Гэгээрлийн гучин долоон хүчин зүйл бодипаккиядхамма-ийн мөн чанар нь Хутагтын найман зам мөр (magganga) юм.
Энэхүү хутагтын найман зам мөрийн мөн чанар нь
- adhisila-адхисила-дээд ёс суртахуун
- adhicitta-адхичитта-гүн төвлөрөл
- adhipanna-адхипанья-дээд билгүүн
хэмээх гурван шатлалт сургалт бөгөөд эдгээр гурван шатлалт сургалтын мөн чанар нь орчлон ертөнцийн нийтлэг хууль болох Дхамма юм.
Хэрэв яг одоо байгаа шигээ таны бие ба сэтгэл үргэлж хяналттай байх юм бол биеэр болон үгээр бүдүүлэг үйл гарах боломжгүй. Үүнийг adhisila-адхисила буюу дээд ёс суртахуун гэдэг.
Хэрэв дээд ёс суртахуун хүчирхэгжвэл сэтгэл догшин ширүүн чанараа алдаж тайван, амгалан болно.
Энэхүү тайван амгалан сэтгэл нь:
- adhicitta-адхичита-гүн төвлөрөл-ийн суурь юм.
Хэрэв гүн төвлөрөл буюу самади хүчтэй болж, сэтгэл удаан хугацаанд нэгэн цэгт тогтдог чадвартай болвол, та матери буюу бие махбодь (калапа) маш богино агшинд, хоромхон зуурт тоолшгүй олон удаа үүсэн, устаж, сарнин алга болж байгааг ухаарна.
Хэрэв nama (сэтгэл) ба rupa (бие)-г ялган таньж мэдвэл, матери агшин зуурт тоолшгүй олон удаа үүсэн, устаж байгааг тодорхой мэднэ.
Энэхүү үүсэн-устах шинж чанарыг танин мэдэх ухаарал нь
adhipanna (адхипаннья) — дээд билгүүн ухаан юм.
Бид амьсгал авах болон гаргах бүрд орж гарч буй агаар хамрын орчимд хаа нэгтээ шүргэнэ. Энэхүү шүргэлт нь kayapasada хэмээх биеийн хүрэлцэхүйг сэтгэлтэй холбогч матери холбоосоор дамжин сэтгэлд хүрч улмаар мэдрэмжийг үүсгэнэ.
Энэ үйл явцад хүрэлцэж буй нь — матери, харин хүрэлцэхүйг мэдэж буй нь — сэтгэл юм. Тиймээс сэтгэл ба материйн тухай бусдаас асууж явах хэрэггүй. Өөрийн амьсгалаа ажигла, тэгвэл та өөрөө мэдэж авна.
Амьсгал орохдоо шүргэнэ.
Амьсгал гарахдаа ч мөн шүргэнэ.
Хэрэв та энэ шүргэлт (хүрэлцэхүй)-ийг тасралтгүй мэдэж, ажиглаж чадвал сэтгэлийн хир буртагууд үүсэх боломжгүй болж lobha буюу шунал dosa буюу уур хилэн moha буюу мунхаглалын гурван гал аажмаар унтарна.
Амьсгал орохоос өмнө та түүнийг мэдэх боломжгүй.
Амьсгал гарсаны дараа ч мөн мэдэх боломжгүй.
Зөвхөн амьсгал орж, гарч байх яг тэр агшинд л та шүргэлтийг мэдэрч чадна. Энэ нь энэ агшины үнэн юм.
Бид амьсгалын шүргэхүйг ажиглан мэдэрч байх үед зөвхөн сэтгэл ба матери л оршиж байна гэдгийг өөрсдөө мэднэ. Тэрхүү агшинд “би” “бусад” “эрэгтэй” “эмэгтэй” гэх ялгаа үгүй болохыг ухаарна. Буддагийн айлдварын үнэнийг өөрийн бие дээр бодит туршлагаар мэдрэх болно. Бид бусдаас асуух шаардлагагүй.
Амьсгал орох, гарахыг ажиглан мэдэрч байх үед atta буюу би гэж үгүй.
Ингэж мэдэх үед бидний үзэл хиргүй цэвэр болж, энэ нь зөв үзэл болно.
Яг “энэ агшин”-д зөвхөн nama ба rupa, өөрөөр хэлбэл мэдэж буй сэтгэл ба хүрэлцэж буй матери л байгааг бид харах болно.
Тэр агшинд сэтгэл ба матер хоёр тусдаа үзэгдэл гэдэг нь өөрийн бие сэтгэл дээр бодит туршлагаар тодрох болно.
Ийнхүү яг тэр мөчид сэтгэл ба материйг ялган таниж буй ухаарал нь
nama-rupa-pariccheda-naṇa юм.
Бид амьсгалын шүргэлцэхүйг яг болж буй мөчид нь мэдэж чадсанаар, сэтгэл маань цэвэршиж, үүнээс гарах үр шимийг хүртэнэ. Амьсгалын шүргэлцэхүйг ажиглан “энэ мөчийн үнэн”-тэй хамт байх ганц агшиныг ч өчүүхэн гэж бүү бод. Тэр агшин бүр үнэ цэнэтэй.
Бясалгал хийдэг хүмүүс ямар ч ашиг тус хүртдэггүй гэж бүү бод.
Та нар аз завшаантай төрөлд төрж, Буддагийн сургаальтай учирсан болохоор асар их үр шимийг хүртэх боломжтой. Идэх уухын тухайд санаа зоволгүй, чадлынхаа хэрээр бүх хичээл зүтгэлийг гарган шамд.

Шавь нартай хийсэн яриа
Вэбү Саяадав:
Одоогийн энэ цаг үе азтай, өлзийтэй биш гэж үү?
Шавь:
Тийм ээ, багш аа.
Вэбү Саяадав:
Тийм ээ, үнэхээр тийм. Өнгөрсөн цагт Буддагаас өөрөөс нь сургааль сонсож байсан язгууртан хүмүүсийн адил, нээлттэй цэвэр сэтгэлээр Буддагийн сургаалийг хүлээн авч хэрэгжүүлбэл, сайн хүмүүс Нирваанд хүрч чадахгүй гэж үү?
Шавь:
Тийм ээ, багш аа, хүрч чадна.
Вэбү Саяадав:
Буддагийн Сасана хэдэн жил орших вэ?
(Buddha Sasana-Буддагийн сургааль)
Шавь:
Таван мянган жил, багш аа.
Вэбү Саяадав:
Тэгвэл энэ таван мянган жилийн хэд нь өнгөрсөн бэ?
Шавь:
Бараг тал нь өнгөрсөн багш аа.
Вэбү Саяадав:
Тэгвэл хэд нь үлдэж байна вэ?
Шавь:
Ойролцоогоор хоёр мянга таван зуун жил, багш аа.
Вэбү Саяадав:
Одоо хүний нас дунджаар хэд вэ?
Шавь:
Ойролцоогоор зуун жил, багш аа.
Вэбү Саяадав:
Чи хэдэн настай вэ?
Шавь:
Гучин долоон настай, багш аа.
Вэбү Саяадав:
Тэгвэл чи хэдэн жил амьдрах бол?
Шавь:
Жаран гурван жил, багш аа.
Вэбү Саяадав:
Гэхдээ чи тийм удаан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Шавь:
Үүнийг мэдэх боломжгүй, багш аа.
Вэбү Саяадав:
Харин хөгшрөлт, өвчин, үхэл зайлшгүй гэдгийг бид мэдэж байна уу?
Шавь:
Тийм ээ, багш аа.
Вэбү Саяадав:
Өнгөрсөн бол өнгөрсөн.
Харин чи одоо хүртэл юунд хүрч амжаагүй байна вэ?
Шавь:
Зам ба Үрийн жаргал, Нирваанд хүрч амжаагүй, багш аа.
(өөрөөр хэлбэл гэгээрэлд хүргэх хутагтын найман зам мөрд нэвтэрч, түүний Үр болох дотоод амгаланг хараахан мэдрээгүй байна гэсэн утгатай)
Вэбү Саяадав:
Тийм ээ. Үүнд хүрээгүй байгаа цагт чи ялагдсан хэвээр байна. Тиймээс үлдсэн цагаа бүү дэмий үр. Чи үхэх нь гарцаагүй, харин хэзээ үхэхээ мэдэхгүй. Иймд шаргуу, тууштай хичээ.
Зарим хүмүүс маш урт насалдаг. Эрхэм Маха-Кашьяпа, Эрхэм Маха-Качяна нар зуу гаруй насалсан. Зарим нь ная насалдаг. Ийм урт наслахын тулд хүндлэх ёстой хүмүүсээ хүндэлж, даруу төлөв байх хэрэгтэй.
Чи эцэг эхээ хүндэлдэг үү?
Шавь:
Хүндэлдэг, багш аа.
Вэбү Саяадав:
Өөрөөсөө ахмад, эсвэл албан тушаал, мэдлэг чадлаараа дээгүүр хүмүүсийг хүндэлдэг үү?
Шавь:
Хүндэлдэг, багш аа. Хэдийгээр ганцхан өдрөөр, бүр хагас өдрөөр ахмад байсан ч бид хүндэтгэл үзүүлдэг.
Вэбү Саяадав:
Хэзээ тэдэнд хүндэтгэл үзүүлдэг вэ?
Шавь:
Орой унтахын өмнө Буддад мөргөхдөө, мөн тэр үедээ ахмад настнуудаа дурсан хүндэлдэг.
Вэбү Саяадав:
Бусад үед яадаг вэ?
Шавь:
Бусад үед тэгж хүндэтгэл үзүүлдэггүй, багш аа.
Вэбү Саяадав:
Чи “Буддад мөргөсний дараа ахмадуудаа хүндэлдэг” гэж хэллээ. Харин хамт амьдарч буй хүмүүс, мөн өөртэйгөө нас чацуу хүмүүсийг чи хүндэлж чаддаг уу?
Хэрэв би зам дагуу хэн ч авч болохоор 1000 долларын боодол мөнгө тавибал, та нар нэгийг нь авах уу?
Шавь:
Мэдээж авна, багш аа.
Вэбү Саяадав:
Хоёр дахь боодол таарвал авах уу?
Шавь:
Авна, багш аа.
Вэбү Саяадав:
Гурав дахь боодол таарвал?
Шавь:
Мөн авна, багш аа.
Вэбү Саяадав:
Нэгийг нь авсны дараа “өөр хүнд нэгийг нь үлдээе” гэж бодох уу?
Шавь:
Тэгж бодохгүй, багш аа.
Вэбү Саяадав:
Хэрэв чи найзтайгаа хамт явж байвал, “энэ нэг боодлыг би анзаараагүй мэт болж, найздаа үлдээе, би нэгийг авчихсан шүү дээ” гэж бодох уу? Эсвэл боломжтой бүхнийг аваад гүйх үү?
Шавь:
Боломжтой бүхнийг аваад гүйнэ, багш аа.
Вэбү Саяадав:
Тийм ээ, тийм.
Та нар тийм ч таатай зан ааштай хүмүүс биш юм байна. Мөнгөний тухайд бол хэнд ч өгөх сэтгэлгүй. Гэтэл орой бүр Буддад мөргөдөг болохоороо өөрсдийгөө ёс зүйтэй, буянтай гэж боддог.
Хэрэв чиний сэтгэлд “Тэр яахаараа надаас илүү гэж? Тэр өөрийгөө надаас ухаантай гэж бодоо юу?” гэсэн бодол байвал, бардам зан чинь арилаагүй байна гэсэн үг.
Хэрэв чи эцэг эх, багш, ахмад хүн, илүү ухаантай, илүү өндөр байр суурьтай хүмүүсийг бардамналгүйгээр чин сэтгэлээсээ хүндэлж чадвал, зуу гаруй наслах боломжтой.
Ийнхүү хүндэлсэнээр чи зөвхөн мөнгө, ердөө 1000 доллар л олж авах уу?
Шавь:
Үгүй ээ, мөнгөнөөс илүү зүйл олно.
Вэбү Саяадав:
Тийм ээ, яг тийм. Гэтэл та нар юу үнэхээр чухал вэ гэдгийг мэддэг атлаа, бусдад 1000 доллар ч өгөхийг хүсэхгүй, харин өөрсдөө шүүрч авахаар гүйдэг.
Будда энэрэн нигүүлсэх сэтгэлээр Дхаммаг заахад, бүгд ойлгосон уу?
Шавь:
Үгүй ээ, багш аа.
Вэбү Саяадав:
Яагаад бүгд биш зарим нь л ойлгосон бэ?
Шавь:
Зарим нь Буддагийн сургаалийг сонсоогүй багш аа.
Вэбү Саяадав:
Буддагийн сургаалийг өөрийн болгож, хэрэгжүүлж чадвал чи:
- Самма-сам-бодхи (Бурхан болох)
- Паччека-бодхи (Багшгүй, өөрөө гэгээрэгч Бурхан)
- Агга-савакa-бодхи (Тэргүүн шавь)
- Маха-савакa-бодхи (Их шавь)
- Пакати-савакa-бодхи (Архант)
гээд эдгээр гэгээрлийн алинд ч хүрч чадна.
Хэрэв чи эдгээр гэгээрлийн аль нэгэнд хүрэхийг хүсвэл чадна.
Буддагийн сургаалиар дамжуулан чи одоо ч жаргалтай, мөн ирээдүйд ч үргэлжлэх жаргалыг олж авч чадна.
Цагаан будааны үр соёолоход хэр удах вэ?
Шавь:
Ганцхан шөнийн дотор, багш аа.
Вэбү Саяадав:
Тийм ээ, нэг хоногт соёолно. Харин сайн чанарын үрийг соёолсны дараа тарихгүй орхивол ургах уу?
Шавь:
Үгүй ээ, ургахгүй.
Вэбү Саяадав:
Сайн үр байсан ч тарихгүй бол ургахгүй. Буддагийн сургааль ч мөн адил. Зөвхөн хүлээн авч, хэрэгжүүлбэл л ойлгогдоно.
Хэрэв чи сэтгэл ба матер төрж буйг ажиглан амьдрах дадалд суралцвал, чи юунд хүрэх вэ?
Шавь:
Үүнийг вижжа (мэдлэг) гэдэг, багш аа.
Вэбү Саяадав:
Буддагийн сургаалгүйгээр амьдарвал үүнийг юу гэдэг вэ?
Шавь:
Авижжа — мунхаглал, багш аа.
Вэбү Саяадав:
Хэрэв чи Буддагийн Дхаммаг ойлгон, вижжа-тай амьдарвал үхсэнийхээ дараа хаашаа очих вэ?
Шавь:
Сайн төрөлд, багш аа.
Вэбү Саяадав:
Харин мунхаглал дүүрэн амьдралын дараа яах вэ?
Шавь:
Доод төрөлд унадаг, багш аа.
Вэбү Саяадав:
Одоо нэг жишээ авч үзье. Дал гаруй настай өвгөн Буддад мөргөж байна гэж бодъё.
Гэвч тэр үедээ сэтгэлээ Дхаммад тогтоож чадалгүй сэтгэл нь энд тэнд тэнэж байгаад яг тэр мөчид нас барвал хаана дахин төрөх вэ?
Шавь:
Доод төрөлд, багш аа.
Вэбү Саяадав:
Үнэхээр тийм гэж үү? Сайн бодоод хариул. Тэр Буддад мөргөж, бясалгаж байгаа шүү дээ. Тэгвэл хаана төрөх вэ?
Шавь:
Доод төрөлд, багш аа.
Вэбү Саяадав:
Яагаад?
Шавь:
Сэтгэл нь энд тэнд тэнэж байсан учраас, багш аа.
Вэбү Саяадав:
Тийм ээ. Мунхаглалтай хүний сэтгэлд ямар чанарууд төрдөг вэ?
Шавь:
Шунал (lobha), уур (dosa), мунхаглал (moha).
Вэбү Саяадав:
Шунал гэж юу вэ?
Шавь:
Ямар нэг зүйлийг хүсэхийг хэлнэ, багш аа.
Вэбү Саяадав:
Шунал гэдэг нь таалагдах, татагдах, хүсэх бүхнийг багтаана. Шуналтайгаар нас барсан хүн бирд болж төрдөг.
Харин уур (dosa) гэж юу вэ?
Шавь:
Дайсагнал, багш аа.
Вэбү Саяадав:
Тийм ээ. Уур бол тэмцэл, маргааны шалтгаан. Хүссэнээ олж чадахгүй, олсноо хүсэхгүй байх үед уур төрдөг. Ууртайгаар нас барвал тамд төрнө.
Мунхаглал (moha) гэдэг нь өглөг, ёс суртахуун, бясалгалын ач тусыг мэдэхгүй байх явдал. Мунхаглалтай нас барвал амьтны төрөлд төрнө.
Бие ба сэтгэлийг бурхан ч, тэнгэр ч, Брахма ч бүтээгээгүй. Эдгээр нь байгалийн хуульд захирагдан төрж, задарч байдаг — Буддагийн айлдсанчлан.
Хэрэв хүн нас барахдаа сэтгэл ба материйн төрөх, задрах (үүсэн устах-мөнх бус)-ыг ухамсарлан анхаарч байвал, Буддагийн сургаалын дагуу хүн, тэнгэр, Брахма болж төрнө.
Хэрэв хүн очих газраа мэдэж байвал, бусдаас зам асуух хэрэгтэй юу?
Шавь:
Үгүй ээ, багш аа.
Вэбү Саяадав:
Тэгвэл “би мэдлэгтэй амьдарч байна уу, мунхаглалтай амьдарч байна уу” гэж бусдаас асуух хэрэгтэй юу?
Шавь:
Үгүй ээ, багш аа.
Вэбү Саяадав:
Тийм ээ, огт хэрэггүй. Иймд самсара даяар цуглуулсан буян парами-гаа үр жимс болгохын тулд шаргуу хичээ.
Буддагаас өөрөөс нь сургааль сонсоод Нирвааны төлөө хичээж байсан эртний мэргэдийн адил хичээ.
Чи өөрөө ч ая таатай, завшаантай төрөлд төрсөн гэдгээ мэдэж бай.
Ийм нөхцөлд төрсөн хүнийг Нирвааны найман шатанд хүрэх замд саатуулах зүйл үгүй.
Хичээн шамдаж, тууштай чармайлтаар бясалгаж агшин ч бүү алда.
Бусдыг ч мөн бясалгалд уриалж, урамшуул.
Сэтгэлдээ баяр баясгалантайгаар хичээн шамдсаар зорилгодоо хүрч, жинхэнэ жаргал, үнэн амгаланг эдлээрэй.
Leave a comment