(Anatta-lakkhana Sutta — SN 22.59)

Ийн хэмээн би сонсов.
Нэгэн цагт Бурхан Бенарес хотын ойролцоох Исипатана дахь Бугын цэцэрлэгт саатан байлаа. Тэнд Бурхан багш таван бясалгагчид хандан айлдав:
— “Бясалгагчид аа.”
— “Тийм ээ, Багш аа,” хэмээн тэд хариулав.
Бурхан ийн айлдав:
Бясалгагчид аа, бие бол би биш.
Хэрэв бие нь би байсан бол бие зовлон дагуулахгүй байхсан. Мөн биеийг өөрийн тааллаар:
“Миний бие ийм байг.
Миний бие ийм биш байг”
гэж хүссэнээрээ удирдах боломжтой байхсан.
Гэвч бие нь би биш тул бие зовлон дагуулдаг.
Тиймээс:
“Миний бие ийм байг.
Миний бие ийм биш байг”
гэж хүссэнээрээ удирдах боломжгүй юм.
Мэдрэмж би биш.
Мэдлэг би биш.
Сэтгэлийн бүтээлүүд би биш.
Ухамсар би биш.
Хэрэв ухамсар нь би байсан бол ухамсар зовлон дагуулахгүй байхсан. Мөн ухамсарыг :
“Миний ухамсар ийм байг.
Миний ухамсар ийм биш байг”
гэж хүссэнээрээ удирдах боломжтой байхсан.
Гэвч ухамсар нь би биш тул ухамсар зовлон дагуулдаг. Тиймээс:
“Миний ухамсар ийм байг.
Миний ухамсар ийм биш байг”
гэж хүссэнээрээ байлгах боломжгүй юм.
Бясалгагчид аа, та нар юу гэж бодож байна?
Бие мөнх үү, эсвэл мөнх бус уу?
— “Мөнх бус, Багш аа.”
Мөнх бус зүйл нь аз жаргал уу, эсвэл зовлон уу?
— “Зовлон, Багш аа.”
Тэгвэл мөнх бус, зовлонтой, хувирч өөрчлөгддөг зүйлийг:
“Энэ бол минийх.
Энэ бол би.
Энэ бол миний мөн чанар.”
гэж үзэх нь зохистой юу?
— “Үгүй, Багш аа.”
Мэдрэмж, ойлголт, сэтгэлийн бүтээлүүд, ухамсарт ч мөн адил.
Иймээс бясалгагчид аа,
өнгөрсөн, ирээдүй, одоо —
дотоод эсвэл гадаад,
бүдүүн эсвэл нарийн,
дорд эсвэл дээд,
хол эсвэл ойр —
ямар ч бие байлаа гэсэн түүнийг зөв ухаанаар:
“Энэ бол минийх биш.
Энэ бол би биш.
Энэ бол миний мөн чанар биш.”
хэмээн бодитоор нь харах ёстой.
Мэдрэмж, ойлголт, сэтгэлийн бүтээлүүд, ухамсрыг ч мөн адил ингэж харах ёстой.
Ийнхүү зөв ухаанаар харсан эрхэм шавь бие, мэдрэмж, ойлголт, сэтгэлийн бүтээлүүд, ухамсраас залхаж холдоно.
Залхсанаар шунал тасарна.
Шунал тасарснаар сэтгэл чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөнөөр:
“Төрөлт төгсөв.
Гэгээн амьдрал төгс дууслаа.
Хийх ёстойгоо хийлээ.
Дахин орших үгүй боллоо.”
хэмээн мэдлэг төрнө.
Бурхан ийн айлдсаны дараа таван бясалгагчийн сэтгэл бүх хүлээснээс чөлөөлөгдөн, гэгээрэлд хүрэв.
Leave a comment