Будда гэгээрснийхээ дараа Варанаси хотын ойролцоох Бугын цэцэрлэгт хүрээлэнд анхны сургаалиа айлдсан нь Номын хүрдийг эргүүлсэн судар (Dhammacakkappavattana Sutta) юм.
Бурхан багш ийнхүү анхлан сургааль номоо айлдсан нь Будда номын хүрдийг эргүүлсэн анхны сургааль судар, Бурханаас анх ном сонссон таван шавь нь Бурхан багшийн анхны таван шавь хэмээгдэн цаашдын судар сургаалиудад бичигдэн тэмдэглэгдсээр иржээ.
Номын хүрдийг эргүүлсэн хэмээх энэхүү сургаалд Будда оршихуй ертөнцийн үнэн дүр төрх, түүний оршин буй бодит мөн чанарыг ойлгуулах Дөрвөн Үнэнийг тайлбарласан байдаг.
Дөрвөн үнэний сургааль бол зовлон хэрхэн үүсдэг хийгээд түүнийг хэрхэн тасалж болохыг учир шалтгаан, логик холбоостой нь бүрэн тодорхой тайлбарласан Бурхан багшийн сургаалийн гол язгуур үндэс болсон сургааль юм.

Дөрвөн Үнэн гэж юу вэ?
Будда:
- Зовлон үнэн
- Зовлонгийн шалтгаан үнэн
- Зовлонгоос гэтэлж болох нь үнэн
- Зовлонгоос гэтлэх арга зам үнэн
хэмээн айлдсан.
1. Зовлон үнэн
Будда, “зовлон үнэн” хэмээсэн нь энэ оршихуй ертөнцөд зовлон үнэхээр бодитоор оршдог төдийгүй, энэ оршихуй өөрөө зовлонгийн мөн чанартай юм байна гэсэн өргөн утга санааг илэрхийлсэн байдаг.
Энэ нь, “амьдрал бүхэлдээ муу муухай, зовлон гачлангаар дүүрэн” гэсэн гутранги дорой үзлийг илэрхийлэх зорилгыг агуулаагүй. Харин оршихуй ертөнц юмс үзэгдэл бүхэн мөнх бус–тасралтгүй үргэлжлэх хувиралт өөрчлөлтийн гинжин хэлхээ бөгөөд бид өөрсдөө ч энэхүү гинжин хэлхээний нэгэн эд эс салшгүй хэсэг болон оршсоор байдаг. Ийнхүү оршихдоо энэхүү хувиралт өөрчлөлтөөс сайн сайхан тааламжтай “өөрчлөлт” үр дүнг хүсэн тэмүүлнэ. Тааламжтай зүйл нь хувиран өөрчлөгдөж буй нь таагүй мэдрэмжийг үүсгэнэ. Амьдрал ерөнхийдөө бидний санасанаар болдоггүй, хүн түүнд хүлэгдсэнээр зовлон үүсдэг гэсэн утгатай юм.
Зовлон бол бүхэнд нийтлэг юм.
- төрөх
- өтлөх
- өвдөх
- үхэх
- хүссэн зүйлээсээ хагацах
- хүсээгүй зүйлтэй учрах
- хүссэнээ олж авч чадахгүй байх
гэх мэт, эдгээр бүгд нь зовлон юм.
Иймээс Будда хүний амьдралд орших зовлонгийн шинжүүдийг байгаагаар нь бодитоор ажиглан харах аргыг заасан байдаг.
2. Зовлонгийн шалтгааны үнэн
Будда зовлон зүгээр нэг тохиолддоггүй, тодорхой шалтгаантай гэж айлдсан.
Тэр шалтгаан нь хүсэл шунал юм.
Хүн таашаал, эд зүйл, нэр алдар, эсвэл өөрөө юу хүссэн түүнийгээ барьж авахыг оролддог. Түүгээр ч зогсохгүй энэхүү хүсэл нь зөвхөн эд зүйл, албан тушаал, эрх мэдэл, элбэг хангалуун гэх мэт ахуйн хүрээгээр ч хязгаарлагдаггүй.
Би орших юмсан, дахин төрөх юмсан, сайн төрөл авах юмсан гэх оршихуйд тэмүүлэх шунал.
Би гэгээрэх юмсан, би нирваанд хүрэх юмсан гэх оршихуйгаас гэтлэх шунал.
Ийнхүү шунал нь хүрээгээ тэлэн өргөжсөөр байдаг.
Ийм хүсэл шунал нь тасралтгүй үргэлжилж, дахин дахин хүлэгдэх шалтгаан болдог.
3. Зовлонгоос гэтэлж болох нь үнэн
Буддагийн сургаалийн хамгийн чухал хэсэг нь зовлонгоос бүрэн ангижрах боломж байдаг явдал юм.
Хэрвээ хүн шунал хүсэл, орчлонтой зууралдсан тэр зууралдалгаагаа орхиж чадвал зовлонгийн хүлээснээс ангижирч, сэтгэл жинхэнэ бодит амар амгаланд хүрдэг.
Энэхүү жинхэнэ бодит амар амгалан төлөв байдлыг Нирваан (Nibbāna) гэж нэрлэдэг.
4. Зовлонгоос гэтлэх арга замын үнэн
Зовлонгоос ангижрах замыг Будда Хутагтын Найман Зам гэж айлдсан.
Энэ нь хүнийг ёс суртахуунтай цэвэр амьдралаар амьдрах, оршихуйд цацарч сарнисан сэтгэлийг буцаан төвлөрүүлэх, энэхүү төвлөрсөн цэвэр сэтгэлээр дамжуулан билгүүн ухаан-сэтгэлийн тэгш амгаланг хөгжүүлсэнээр гэгээрэлд хүргэх арга зам юм.
Хутагтын Найман Зам нь:
- зөв үзэл
- зөв санаа
- зөв үг
- зөв үйлдэл
- зөв амьжиргаа
- зөв хичээл зүтгэл
- зөв сэрэмж
- зөв төвлөрөл
гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй.
Зөв үзэл
гэдэг нь юмс үзэгдлийн зүй тогтлыг оршин байгаа бодит байдлаар нь буюу
- зовлон байна
- зовлон шалтгаантай
- зовлонгийн шалтгаан нь шунал
- зовлонгоос салах арга зам байгаа
- тэрхүү арга зам нь үнэн бодитой
гэдгийг ухаарсаны үндсэн дээр зөв бурууг ялган таниж ёс зүйтэй зөв зорилготой, хор хөнөөлгүй, шуналгүй байх үндэс болдог.
Зөв санаа
гэдэг нь дээрх зөв үзэл дээр суурилан сэтгэлийн эерэг зөв төлөвийг бий болгож ямар үйл тустай, ямар үйлдэл гэм хортойг ялган таниж чадах оюун сэтгэлийн төлөв байдал юм. Энэ нь хор хөнөөлгүй, эв найр, энэрэл хайр, зөв эргэцүүлэлд тулгуурласан сэтгэлгээг илэрхийлдэг.
Зөв үг
гэдэг нь:
- Худал хэлэх
- Хов зөөх
- Ширүүн үг
- Дэмий чалчих
зэрэг эдгээр дөрвөн бүрэлдэхүүнт хэлний гэмийг тэвчиж яруу бусыг үл өгүүлэхийг хэлжээ.
Худал хэлэх
Үнэн бусыг өгүүлэх. Бид худал хэлж бусдыг хууран мэхэлдэг байлаа гэхэд цаашид хэн ч бидэнд үнэмшихгүй, итгэл үзүүлэхгүйгээр үл барам бидний хэлж байгаа зүйлийг ч сонсохгүй, холдон зугтахад хүрнэ. Ингэснээр бидэнд таагүй хэцүү нөхцөл байдлыг бий болгоно. Энэ нь худал үг ярианаас гарах энгийн үр дагаварууд гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Гэвч бид нэгэнт бий болсон дадал зуршлын нөлөөнд автан үүнийг их бага хэмжээгээр хийсээр, зовлонгоо нэмсээр л байдаг шүү дээ. Зөв үг яриа гэдэг мэдээж буруу дадал зуршлыг арилгасанаар хэрэгжинэ.
Хов зөөх
Хоёр хүний харилцааг муутгах, хүмүүс хоорондын итгэлцлийг үгүй хийх зорилго агуулсан сэтгэлийн төлөв байдлаас өдөөгддөг хэлний гэмт үйл юм. Хүмүүс бидний амьдралд хэл яриа чухал үүрэгтэй. Бид хэл яриагаар л харилцаж ойлголцдог шүү дээ.
Бие биедээ итгэдэг хоёр сайн найз байлаа гэж бодъё. Тэдний нөхөрлөлийг салгах зорилгоор нэгэнд нь очиж нөгөөгийнх нь тухай хов жив хүргэлээ гэхэд энэ нь тэр хүнд ч бас өөрийнх нь талаар хэнд очиж юу хэлэх бол гэсэн болгоомжлолыг төрүүлж “хов зөөгч”-тэй харилцах цаашдын харилцаанд “үл итгэлцэл”-ийг нэмэгдүүлэх болно. Энэ ч бас “хов зөөх” хэлний гэмт үйлээс гарах энгийн тодорхой үр дагавар гэдэг нь бидэнд ойлгомжтой байдаг шүү дээ.
Ширүүн үг
Догшин ширүүн үг хэлж, хараан зүхэж, доромж үгээр дайрч давшлах гэхчлэн уур омог хилэнгээр дүүрсэн, дүрэлзсэн халуун, хатуу догшин сэтгэлийн төлөв байдлаас гарах хэлний гэмт үйлдэл юм. Хэрэв бид үг хэлээрээ бусдыг доромжилбол тэд бас биднийг доромжилж эхэлнэ. Доромжлуулахыг хүсдэггүй л бол бидэн шиг цаг үргэлж өөр рүү нь хашгичиж байдаг хүний дэргэд хэн ч байхыг хүсэхгүй шүү дээ.
Дэмий чалчих
Цаг үргэлж дэмий, утгагүй зүйл ярьж, бусдад саад болох. Санамсаргүйгээр ч бай бусдын хувийн амьдралын талаар цуурах. Ам хуурайгүй чалчиж суухдаа хэн нэгний эмзэг мэдээллийг бусдад дэлгэх. Ингэснээр бусдыг найз нөхөд, гэр бүл, садан төрлөөс хагацаах, өөрөө ч тийм үр дагаварыг амсах гэхчлэн “Дэмий чалчих”-ын хорт үр дагавар ч бас барагдашгүй их юм.
Буддагийн айлдсан Дөрвөн Үнэний сургааль нь Буддын сургаалын гол цөм, үндэс язгуур нь бөгөөд хүн аливаа юмс үзэгдлийн учир шалтгаан, зүй тогтол, бодитоороо хэрхэн оршдог мөн чанарыг ойлгож, зовлонгоос ангижрах замыг танин мэдэхэд чиглэдэг үнэлж баршгүй эрдэнэ билээ. 🌿
→ Номын хүрдийг эргүүлсэн судар (Dhammacakkappavattana Sutta)
Leave a comment